БАЯН-ӨЛГИЙ: Номын баяраар профессор А.Атайн “Цармын бүргэд” номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-19 17:07:47

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриатайгаар зохион байгуулж буй 37 дахь удаагийн хаврын “Номын баяр-2025”-ыг Баян-Өлгий аймгийн УГЗ Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан өргөн хүрээнд тэмдэглэлээ.


Номын баярын хүрээнд ном унших соёлыг дэлгэрүүлэх, хүүхэд залуус болон олон нийтэд унших дуртай байх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор олон талын үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь Профессор Аятхааны Атайн “Цармын бүргэд” биологи, экологи өв соёл, уламжлал хамгаалал, бүргэдээр шувуучлахуйн өв соёлын талаарх шинэ номын нээлт байлаа.


Мөн энэ жилийн номын баяраар Бугат сумын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд чанга уншлагын “Үлгэрийн цаг” үзүүлбэр, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор У.Бекеттэй зохиолч-уншигчдын уулзалт, Номын сангийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн болон номын хандив өргөсөн хувь хүн, албан байгууллагуудыг урамшуулан, алдаршуулах, Номын сангийн тэргүүний уншигч хүүхэд залуусыг урамшуулах, Өлгий сумын ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд “Миний номын сан” гар зургийн уралдаан, аймгийн зохиолчдын номын үзэсгэлэн болон гар бичмэл, ховор хуучин номын мэдээллийг сурталчлан таниулах зэрэг ажил зохион байгуулав.


Баярын хүрээнд номын сангаас унших соёлыг дэмжих, уншигчдын идэвхийг урамшуулах зорилгоор шилдэг уншигчдыг шалгаруулсан бөгөөд, “Шилдэг уншигч-өндөр настан”-аар О.Халелхан, Н.Устав нар, “Шилдэг уншигч гэр бүл”-ээр М.Алтанзулын гэр бүл, “Шилдэг уншигч сургууль”-иар ЕБ-ын 7 дугаар сургууль, “Шилдэг уншигч-хамт олон"-оор ЕБ-ын 2 дугаар сургуулийн Ц.Сарцэцэг багштай 5в анги, “Ном хандивлагч байгууллага”-аар МАХЗЦХЗ-ны хамт олон, “Ном хандивлагч иргэн”-ээр К.Жамила, Х.Хумырбек, Н.Нартай нар тус тус шалгарлаа.


Мөн монгол хэл, уран зохиолын багш нараас бусад төрийн алба хаагчдын дунд үндэсний бичгийн уралдааныг монгол бичгээр хурдан уншигч, кирилл бичгээс монгол бичигт хөрвүүлэхгалигласан эхийг монгол бичгээр бичих, үндэсний бичгийн цахим хэрэглээний шалгалт зэрэг төрлөөр явуулж энэ сарын 22-ны өдөр шилдгүүдээ тодруулах юм.

Холбоотой мэдээ