Анкарад халдлагын улмаас амиа алдагсдын 95 болжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-11 10:35:35

АНКАРА. /TASS/. Туркийн нийслэл Анкара хотод болсон хоёр хүчтэй дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 95 болж нэмэгджээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх зохицуулах алба мэдээлсэн байна.

Халдлагын үеэр гэмтэж шархадсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн 246 хүний  48 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. Шархадсан хүмүүсийг нийслэл хотын 29 эмнэлэгт хэвтүүлжээ. Одоогоор Туркт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэлүүдийн нэг нь ч дээрх халдлагын хариуцлагыг  хүлээгээгүй байна.
Анкарад явуулж буй курд террористуудын үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, энх тайван байдлыг дэмжихээр бямба гарагийн өглөө цугласан Үйлдвэрчний болон нийгмийн идэвхтнүүдийн дунд хоёр бөмбөг дэлбэрчээ.
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу уг халдлагыг “Туркийн ардчилал”-ын эсрэг үйлдсэн халдлага гэж нэрлээд гурван өдрийн гашуудал зарласан байна.
Нийслэл хотын Ерөнхий прокурор халдлагыг мөрдөн шалгах таван мөрдөн байцаагчийг тусгайлан томилж, цогц мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгожээ. Эхний дэлбэрэлт маш хүчтэй болсон байна. Жагсаалд оролцогчдын нэг дэлбэрэлтийг гар утасныхаа камерт буулгаж амжжээ.
Хэргийн газраас тэсрэх төхөөрөмжийн хэсгүүд олдсон бөгөөд хурууны хээ авч байгаа аж. Бөмбөгийг урьдаас байрлуулсан эвсэл амиа золиослогчид үйлдсэн гэж таамаглаж байна.
Гэхдээ одоогоор энэ хувилбаруудыг албан ёсоор батлаагүй байгаа юм. Дэлбэрэлт тэсрэх төхөөргийг тавих боломжгүй газарт хүмүүсийн яг дунд болсон учир цугласан олны дотор амиа золиослогч байсан гэж нүдээр үзсэн зарим хүн  мэдэгджээ. Нөгөө талаас, жагсаал цуглаан болсон газарт цагдаа нар сэжигтэй байж болзошгүй идэвхтнүүдийг шалгаж байсан учир тэд террористуудыг анзаарсан байх магадлалтай гэж жагсаалд оролцогчид мэдэгдэж байгаа аж.  
Хоёр дэлбэрэлт хоёул өглөөний 10 цаг 04 минутад Анкара хотын төмөр замын буудалд хүрдэг мордмол гүүр орчимд гурван секундын зайтай болсон байна.


Д.Жаргал

 

Холбоотой мэдээ