Зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-27 09:35:23

ЛОНДОН./ВВС/.Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой 1970 оноос хойш 58 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ.

Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангаас Лондон хотын Амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран явуулсан “Living Planet” судалгаанд дурдахдаа, зэрлэг амьтдын тоо толгой буурах хандлага цаашид үргэлжилсээр байвал 2020 он гэхэд сээр нуруутан амьтдын гуравны хоёр нь устаж үгүй болно гэж анхааруулсан байна. 

Нуур цөөрөм, гол намагт амьдардаг амьтдын тоо толгой хамгийн ихээр цөөрч байгаа ажээ.

Хүн төрөлхтөний буруутай үйлдэл, амьдрах орчны өөрчлөлт, зэрлэг амьтдыг наймаалж буй байдал, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шалтгааны улмаас зэрлэг амьтдын тоо толгой цөөрсөөр байна.

Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн шинжлэх ухаан, бодлогын асуудал эрхэлсэн дарга Майк Барретт хэлэхдээ “зэрлэг амьтдын тоо толгой буурсаар байх болно. Гэхдээ бид үүнийг зогсоох ёстой. Зэрлэг амьтдын тоо толгой цөөрөхөд хүмүүсийн нөлөө ямар байгаа болон бусад шалтгааныг бид бүгд мэдэж байгаа. Одоо бид ямар нэгэн арга хэмжээ авах цаг нэгэнт болсон” гэлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ