Зарласан аянаа эрчимжүүлэхээр тусгай арга хэмжээ явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-20 14:26:46

Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2014 оноос "Архи, тамхигүй сум" болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ жилийн тухайд уг аяныг эрчимжүүлэх зорилгоор "Архи, тамхигүй хамт олон" 3 сарын хугацаатай болзолт уралдааныг төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН, багийн хэсгүүдийн дунд зарлажээ. Аянтай холбогдуулан сумын Засаг даргын А/136 тоот "Нийгмийн хэв журмыг хангах зарим арга хэмжээний тухай" захирамж гаргуулан өдөр бүр орой 19.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдах, үйлчлэхгүй байхаар тогтсон байна. Энэ хугацаанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлөөс нийгмийн хэв журам хамгаалах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж байгаа аж.

Түүнчлэн сумын хэмжээнд энэ оны эхнээс эрх зүйн акт, бичиг баримтуудыг боловсруулан нийтэд мэдээллэх, сурталчилгааны кино үзүүлэх, гарын авлага боловсруулан иргэдэд түгээх, урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг ажлуудыг "Сэлэнгэ амьдрах сайхан" ТББ, аймгийн “Архидалт мансуурлын эсрэг ассиоциаци” зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ