ОХУ-Японы хэлэлцээ амжилтгүй боллоо

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-09 11:09:04

МОСКВА. /NHK/. ОХУ болон Японы найрамдлын гэрээний тухай хэлэлцээний үеэр талууд газар нутгийн маргаанаас үүдэлтэй санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй байна.

Японы Гадаад хэргийн дэд сайд Синсукэ Сугияма болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар өчигдөр Москва хотноо долоон цаг хуралджээ. ОХУ-Японы найрамдлын гэрээний тухай дэд сайд нарын түвшний энэ удаагийн хэлэлцээ сүүлийн 20 сард анх удаа болж байна.

2013 оны дөрөвдүгээр сард болсон ОХУ-Японы дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хамтарсан мэдэгдэлд суурилсан уулзалт хийхийг Япон улс хүссэн юм гэж Сугияма мэдэгдэв. Найрамдлын гэрээг байгуулахад чиглэсэн, хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч болохуйц гарцыг олохын төлөө байна гэж уг мэдэгдэлд дурджээ.

Японы нэрлэдгээр Хойд газар нутаг гэх дөрвөн арлын асуудлыг талууд хэлэлцсэн байна. Уг арлуудыг ОХУ эзэмшдэг ч Япон нэхэмжилдэг билээ.

Уг дөрвөн арал нь Японы газар нутгийн салшгүй нэгэн хэсэг гэж тус улс үздэг бөгөөд дэлхийн II дайны дараа хууль бусаар булаан эзлэгдсэн гэж мэдэгджээ.

Арлууд дайны дараа ОХУ-ын газар нутаг болсон гэж Моргулов дахин мэдэгдсэн байна.

Уг маргааныг таслахын тулд ойрын хугацаанд уулзалт дахин зохион байгуулж, хэлэлцээ хийх шаардлагатай гэж талууд үзжээ.

Аль аль талдаа нааштай шийдэлд хүрэхийн төлөө талууд ажилласан боловч үүндээ хүрч чадсангүй гэж Сугияма уулзалтын дараа мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ