ДУНДГОВЬ: Аймгийн тахилгат Их адаацаг уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-04 10:33:02
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших Их адаацагийн уул далайн түвшнээс дээш 1804 м өндөрт өргөгдсөн, 30 км-ийн урттай, 280 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршдог. Уулын нэр нь “Адуун цэг” байсан бөгөөд урт хугацааны явцад ам дамжин хэлэгдсээр Адаацаг хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй.


Их Адаацагийн уулыг Өгэдэй хааны өртөө улааны торгон сүргийн отогийнхон тахин наадам хийдэг байсан гэх ба Их Адаацагийн уул, Дэлгэрхангай уул, Гурвансайхан, Говь-Угтаал сумын нутагт байрлах Ерлөг уул хэмээх гурван хайрхан нь бие биеэ харж оршдог гэх домог байдаг.


Их Адаацагийн уул нь оройдоо 400 орчим литр айраг ордог тогоо бүхий байц хадтай. Нутгийн ард түүнийг дүүргэн бялхуулж тахилгаа эхэлдэг уламжлалтай байжээ. 1930 оны сүүлээс эхлэн уулын тахилга тасарсан боловч нутгийн лам хуврагууд нууцаар тахилын сан тавьсаар 1988 оноос тахилгыг эргэн сэргээсэн байна.


Тус ууланд баргажамба, барагшин, цагаан төмс, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамал ургадаг.


Түүхт энэхүү уулыг нутгийн иргэдийн санаачилгаар 2014 онд Дундговь аймгийн тахилгат уул болгожээ.







Холбоотой мэдээ