Иран Сирид цэрэг байрлуулаагүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-08 13:53:41

МОСКВА. /TASS/. Сири дэх мөргөлдөөнд оролцохоор тус улсад Иран цэргээ дахин байрлуулсан гэх мэдээллийг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф няцаасан байна.

Тэрбээр өчигдөр “New Yorker” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дээрх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ.

Сирийн Засгийн газрын хүчинд зөвлөгөө өгдөг Ираны армийн зөвлөхүүд л Сирид байгаа гэж Зариф мэдэгдэв. Сирид цэрэг байрлуулсан эсэх талаар асуухад тэрбээр, “Сири дэх манай цэргийн оролцооны мөн чанар өөрчлөгдөөгүй. Зөвхөн зөвлөгөө өгдөг. Үүнийг шалгаж нягталсан” гэж хариулжээ.

Сири дэх босогчидтой хийж буй ОХУ-ын ажиллагааг Зариф дэмжсэнийг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй Өрнөдийн орнуудын эвсэл буруушаасан байна. Сирид явуулж байгаа ОХУ-ын агаараас цохилт өгөх ажиллагаатай холбогдуулан тэрбээр, “Лалын улс” бүлэглэлтэй нухацтай тэмцэх хэнийг ч бид дэмжих болно гэв.

“Тэмцэх ажиллагаанд олон улсын эвсэл хэзээ ч нухацтай хандаагүй. Учир нь “Лалын улс” бүлэглэлд цохилт өгөх ажиллагаанд улс төрийн холбогдолтой саад бий. Башар аль-Асадад тус болохын оронд тэд “Лалын улс” бүлэглэлд цохилт өгөхийг илүүд үзсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Лалын улс” бүлэглэлийн хүч сулраагүйн шалтгаан энэ шоутай холбоотой” гэж тэрбээр хэлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ