Монголдоо эмчлэх боломжгүй 25 өвчний хүрээнд 12 үндэсний багийг чадавхжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай ажлуудын нэг нь дотооддоо оношилж эмчлэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ онд багтаан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар шийдвэрлэв. Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг суралцах хугацаанд тус эмчилгээ оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон бусад нөөцийн бэлэн байдлыг хангах тал дээр эмнэлгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Үүний үр дүнд,
Тархи нугасны гүний, төвөгтэй байрлалтай нэвчсэн, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээ
Меньерийн өвчний хүнд хэлбэрийн үеийн мэс засал эмчилгээ
Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ
Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулралтын эмчилгээ
Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ
Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал
Доод мөчний төрөлхийн хүнд хэлбэрийн согогууд, гэмтэлийн дараах шагайн үений тогтворгүйтэлийн үеийн мэс заслын эмчилгээ, доод мөчдийн дутуу хөгжил, ясны хавдрын нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ
Хүүхдийн доод дээд мөчний төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтлийн мэс засал
Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо
Аутизмын хүрээний эмгэг зэрэг Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон 25 өвчнөөс эх орондоо оношилж эмчлэх боломжтой болох аж.
Ингэснээр иргэд тэгш хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, тухайн өвчтөн, тэдгээрийн гэр бүл төдийгүй улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх юм.