Дархан сум байгаль хамгаалах хамгаалалтын бүс тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын Байгаль орчин, Экологийн бодлого, хяналтын хорооны дарга П.Юра нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан сумын ЗДТГ-т ажиллав. Сумын захиргаа нь дээрх бодлогын хүрээнд ямар төлөвлөгөөтэй, цаашид урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсов.
Дархан сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Экологи-Байгаль орчны бодлогод үндсэн дөрвөн зорилтын хүрээнд 22 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд хавар, намрын дөрвөн удаагийн нийтийн цэвэрлэгээнд давхардсан тоогоор 10215 иргэн, 349 байгууллага хамрагдаж 505894 м2 талбайн 1225 м3 хогийг цэвэрлэжээ. Мөн Дархан сумын 6, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 650м үерийн даланг сэргээн засварлах ажилд 50 иргэнийг хамруулж 40м3 хогийг цэвэрлэсэн байна. Түүнчлэн тус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 32 дугаар тогтоолоор гэр хорооллын багуудад 7,7 км хамгаалалтын бүсийг татах ажлыг зохион байгуулж орон нутгийн тусгай хамгаалалтай газар ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн онцгой бүсэд буусан 31 өрхөд албан шаардлага өгч газрыг чөлөөлсөн. Мөн гэр хорооллын багуудад 24 иргэнийг “Эко эргүүл”-ээр ажиллуулж нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хог асгадаг байдлыг арилгахад анхаарч ажиллажээ.
“Мөнх ногоон хот” уриан дор нэг сая мод ургуулах аяны хүрээнд 3926 иргэн, 110 аж ахуй нэгж байгууллага 34888 мод, 7658 бут тарьж 6400м2 талбайг зүлэгжүүлж “Буян” захын хажууд иргэдийн буруугаас болж бохирдсон газрыг чөлөөлж ногоон байгууламж байгуулсан зэрэг олон ажлуудыг хийснээ танилцууллаа.
Б.Норовсамбуу