Дэлхийн зөн тайлангаа тавьж, төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-05 23:27:11

 Аймгийн удирдлагууд Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ ОНХХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Сэлэнгэ аймагт 2004 оноос эхлэн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах зорилгоор төслийн танилцуулга арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 
Тус Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь Сэлэнгэ аймагт 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Дэлхийн зөнгийн санхүүгийн жил нь жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс эхэлдэг байна. Иймээс ирэх жилд хийгдэх төсөл хөтөлбөрүүдээ төлөвлөн өмнөх жилийн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг өдийд тооцдог.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын үйл ажиллагаа нь эрүүл мэнд, боловсрол, өрхийн эдийн засаг, хүүхэд хамгаалал гэсэн үндсэн 4 чиглэлд тулгуурлан төсөл, хөтөлбөрүүдийг явуулдаг байна. Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн хугацаанд дээрх 4 чиглэлд хамаарах олон хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал “Малчдын амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”, “Нисдэг сүргийн гайхамшиг”, “Зөгий төсөл”, “Эх хүүхдийн хоол тэжээл хөтөлбөр”, “Өсвөр үеийн хөгжил” төсөл, “Үр багаж” төсөл, “Сүрьеэ”-гийн төсөл, Онцгой байдлын газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээнүүд”, мөн “Өсвөрийн аврагч клуб”, “Цэцэгчин эко клуб”-уудыг байгуулжээ. Түүнчлэн төрийн албан хаагч болон эцэг эхчүүдэд чиглэсэн цуврал лекцүүд, сургалтуудыг зохион байгуулан ажилласан байна. Төслүүдийн товч танилцуулгыг үр дүнгийн хамт танилцуулсан энэхүү арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд аймагтаа хүүхэд хамгаалал болон өрхийн эдийн засгийг дэмжсэн, өсвөр залуу үеийг хөгжүүлсэн, нийгмийн эрүүл мэндэд анхаарсан олон ажил арга хэмжээ явуулдаг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлээд, цаашид ч хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ