“Volkswagen” машинуудаа татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЕРЛИН. /ВВС/. Утаа ялгаруулалтын үзүүлэлтийг гажуудуулдаг программ хангамж бүхий машинуудаа нэгдүгээр сараас эхлэн эргүүлэн татна гэж “Volkswagen” компанийн гүйцэтгэх захирлын албыг саяхан авсан Маттиас Мюллер мэдэгдэв.
Асуудалтай бүх машиныг 2016 онд багтаан засч дуусна гэж Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд бичжээ.
“Volkswagen” компанийн мэдэгдэж буйгаар, утаа ялгаруулалтын үзүүлэлтийг гажуудуулдаг программ хангамжтай 11 сая дизель машин байгаа аж.
Компанид тохиолдоод байгаа өөрчлөлт амаргүй байх болно гэж Маттиас Мюллер Германы Вольфсбург хот дахь үйлдвэрийнхээ ажилтнуудад хэлсэн байна.
Одоогоор шаардлагагүй гэж үзсэн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь цуцлах юм уу, эсвэл түр хойшлуулахаа тэрбээр мэдэгдээд, ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд бүхий л арга хэмжээг авна гэдгээ хэлжээ.
Үйлдвэр, технологи, автомашинуудад оруулах хөрөнгө оруулалтыг хяналтдаа авч, цаашдаа найдвартай ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Утаа ялгаруулалттай холбоотой дуулиан шуугиан гарсны дараа хорт утааны бодит үзүүлэлтийг бууруулдаг программ хангамжийг ашигласан болохоо тус компани хүлээн зөвшөөрчээ.
Их Британид борлуулсан 1.2 сая автомашин ийм программ хангамжтай байх магадлалтай бөгөөд Франц, Италид мөн уг программ хангамжийн туршилтыг будлиантуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна.
Д.Нямтулга
Сэтгэгдлүүд