ӨМНӨГОВЬ: Цахилгаан эрчим хүчний гэмтлийг бүрэн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-13 20:02:21

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Р.Сэддоржийн ахалсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзлаа.  


 

Энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны 00.00 цагийн үед Өмнөговь аймгийн чиглэлийн цахилгаан дамжуулах гүйдлийн трансформатор шатаж хэд хэдэн чиглэлд цахилгаан эрчим хүчийг хязгаарласан бөгөөд гэмтлийг түргэн хугацаанд засварлахаар 14 хүний бүрэлдэхүүнтэй засварын  баг  25 цагийн турш  үүрэг гүйцэтгэж бүрэн засварласан юм.

 


Харин 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны Онцгой комиссын хурлын үеэр Өмнөговь аймгийн ӨБЦТС ТӨХК-ийн удирдлага цаг үеийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой байдлын ажлын баг бүсийн уулзалтыг зохион байгуулахаар санал хүргүүллээ.

 

Монгол Улс ОХУ-аас цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ авдаг.  Өмнөговь  аймгийн хувьд баруун бүсийн гурван сум БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр хангагддаг бол Цогтцэций сум  “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худгийн станцаас цахилгааны эх үүсвэрээ авдаг. Бусад эх үүсвэрийг нэгдсэн төв системээс авдаг тул эрчим хүчний хязгаарлалт өртөх эрсдэл үүсч байгаатай холбогдуулан тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр тус бүсийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 


Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын хувьд халаалт дулаанаар найдвартай хангахын тулд гурван номерын Турбингенераторын засварын ажлыг хийх шаардлагатай.  Засварыг ТЭЦ-3 ТӨХК хийх бөгөөд дээрх зардалд 185 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос "ДДЦС "ТӨХК-д шийдвэрлэж өгчээ.

 

Холбоотой мэдээ