ЗАВХАН: Дөрвөлжин суманд амьдрах гадаадын иргэдийн эзлэх хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-16 16:31:17

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Тус аймагт зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэд ихэвчлэн уул уурхайн салбарт ажиллаж байна.


Гадаадын харьяат иргэдийн дотор АНУ-ын иргэн 10 буюу 32.3 хувийг, БНХАУ-ын иргэн 7 буюу 22.6 хувийг, ОХУ-ын иргэн 4 буюу 12.9 хувийг, Герман, Канад, Австрали улсын иргэн тус тус 2 буюу 19.4 хувийг, Франц, Филиппин, Индонез, Тайланд улсын иргэн тус тус 1 буюу 12.9 хувийг эзэлж байна.


Гадаадын харьяат иргэдийн 35.5 хувь нь Улиастайд, 29.0 хувь нь Дөрвөлжин, 25.8 хувь нь Тосонцэнгэл суманд ажиллаж амьдарч байна. Гадаадын харьяат иргэдийн эзлэх хувийн жин 2010 оноос Улиастай хотод 2.3 пунктээр, Тосонцэнгэл суманд 14.2 пунктээр тус тус буурчээ.


Харин Дөрвөлжин суманд амьдарч байсан гадаад иргэдийн эзлэх хувь 22.3 пунктээр өссөн байна. Энэ нь тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компани ажиллаж байгаатай холбоотой юм.

Завхан аймагт байнга оршин суугаа гадаад иргэдийг өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад 15-24 насны хүн амын эзлэх хувь 9.4 пунктээр, 55 түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь 25.6 пунктээр тус тус өссөн байна.


Завхан аймагт амьдарч байгаа гадаадын харьяат иргэдийн 70 орчим хувь нь 25 түүнээс дээш насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ