ЗАВХАН: Монголын хамгийн том хиймэл хүрхрээг зорих иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-07 14:32:45

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн том хиймэл хүрхрээг зорин ирэх аялагчдын тоо нэмэгджээ. Урин дулаан цаг ирснээс хойш давхардсан тоогоор 3600 гаруй аялагч энд түр саатаж дурсгалын зураг татуулсан байна.


Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 36 км-т орших Богдын голын хүрхрээ нь аялагчдын заавал очиж үздэг газруудын нэг болсон байна.

Богдын голын хүрхрээ нь манай улсын хамгийн том хиймэл хүрхрээ юм.


Отгонтэнгэр уулаас эх авч урсах Богдын голын урсгалыг 2.5 км урт сувгаар татан Тээг толгой дээрээс унал үүсгэн Богдын голын усан цахилгаан станцыг байгуулсан түүхтэй. Энэ станцын илүүдэл ус Тээг толгойгоос Богдын голын хавцал руу 37 метр өндрөөс унаж хүрхрээг үүсгэдэг.


Хүрхрээний эргэн тойрны газар, ус байгалийн өвөрмөц тогтоцтой учраас дайран өнгөрөх болон зорьж үздэг аялагчдын тоо жил бүр нэмэгдэж байна. Богдын голын хүрхрээний станцын харуул хамгаалалтын ажилтнууд энд ирсэн аялагч, амрагчдад аюулгүй байдлын заавар зөвлөмжийг өгч, байгаль орчиндоо ил задгай хог хаяхгүй байхыг уриалдаг талаар Богдын голын усан цахилгаан станцаас мэдээлэв.


Алдархаан сумын нутагт орших Богдын голын усан цахилгаан станц нь 2000 кв-ын цахилгаан гаргаж Завхан аймгийн төв Улиастай хотыг зуны улиралд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэ станц 1997 онд ашиглалтад орсон бөгөөд 708 м.куб ус хуримтлуулах хүчин чадалтай юм. 2000 онд ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр станцын толгойн барилга байгууламж, ус дөхүүлэх суваг, түрэлтийн сан, ус халиагуур, түрэлтийн хоолойн тулгуур, хаях, сувгийг дахин шинэчилж, ашиглалтад оруулсан байна.


Хиймэл хүрхрээнээс зүүн урагш Төрийн их тахилгат Отгонтэнгэр хайрхан, Хойд, Урд Даян уул зэрэг хүндэтгэн биширдэг тахилгат уулс, үзэсгэлэнт байгалийн цогцолбор оршдог. Мөн Богдын голын хүрхрээ рүү явах замд Оргих нэртэй жуулчны бааз байрладаг. Жуулчны бааз нь аймгийн төвөөс 15 орчим км, нийт 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай, гэр, байшин сууцтай, спортын гурван төрлийн тоглоомын талбайтай, автомашины зогсоол, ариун цэврийн байгууламжтай. 



Богдын голын хүрхрээ явах замд Богдын голын хойд бие, Бичигтийн булангийн Мөнгөт хясаа хэмээх газарт гонзгой дөрвөлжин боржин хөшөөний нүүрэн талд дөрвөн хүний дүрс цоолборлон гаргасан  өвөрмөц нэг дурсгал бий.

Энэ дурсгал нь Түрэгийн үеийн чулуун хөшөө цогцолбор бий. Энэхүү дурсгалууд нь улсын хамгаалалтын зэрэглэлд бүртгэлтэй юм.

Мөнгөт хясааны намар


Отгонтэнгэр хайрхан, Монголын хамгийн том хиймэл хүрхрээ, Богдын голын усан цахилгаан станц

Гэрэл зургуудыг: П.Баатарзоригт, Б.Эрдэнэбулган, Д.Батболд

 

Холбоотой мэдээ