Физикчид квант хагас дамжуулагч бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-27 12:10:47

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 27 /TASS/. Америкийн физикчид рений, селен, хлорын нэгдэлд суурилсан квант материалыг гарган авчээ. 


Уг материал нь хагас дамжуулагчийн шинж чанарыг агуулсан бөгөөд түүнийг хэдэн арван эсвэл хэдэн зуун терагерцийн давтамжтайгаар ажиллах өндөр давтамжийн электрон хэрэгслийг зохион бүтээхэд ашиглах боломжтой гэж Колумбын их сургуулийн (Нью-Йорк) хэвлэлийн алба мэдээлэв.


"Эрчим хүч зөөвөрлөх талаас нь авч үзвэл, бидний бүтээсэн хагас дамжуулагч нь бусад бүх материалаас давуу. Одоогийн байдлаар энэ бол цэнэг зөөгч нь тасалгааны хэмд бусад бөөмстэй мөргөлдөхгүйгээр баллистик траекторын дагуу хөдөлдөг цорын ганц хагас дамжуулагч юм, гэхдээ ийм материалын бүхэл бүтэн төрөл зүйл удахгүй бий болно гэж бодож байна" гэж Колумбын их сургуулийн профессор Милан Делорс ярьж байна. 


Судлаачид хэт их атом бүхий материалуудын шинж чанарыг судлах явцдаа дээрх нээлтийг хийжээ. Нэг атом шиг ажилладаг атлаа олон төрлийн элементүүдийн нарийн төвөгтэй бөөгнөрлөөс бүрдсэн бодисуудыг “хэт их атом” гэж нэрлэдэг. Тодруулбал, Америкийн эрдэмтэд селений найман атом бүхий шоо дотор өөр хоорондоо холбогдсон зургаан ренийн атомаас бүрдсэн бүтцийг бий болгож чаджээ.


Ийм "хэт их атом"-ын хоёр хэмжээст давхарга бүхий олон түвшний бүтэц нь бусад бүх мэдэгдэж буй материалын шинж чанартай адил биш, харин ер бусын хагас дамжуулагчийн шинж чанартай болохыг Америкийн эрдэмтэд олж тогтоожээ. Тухайлбал, ийм материалын доторх цэнэг зөөгчид нь цахиур дахь электронуудаас хоёр дахин хурдан хөдөлдөг байна. 


Эрдэмтдийн тайлбарласнаар, шинээр гарган авсан материалын энэ ер бусын шинж чанар нь түүний доторх цэнэгийг шилжүүлэх үүргийг электронууд бус харин квантын квази бөөмс-экситонууд гүйцэтгэдэгтэй холбоотой юм. 




Холбоотой мэдээ