Энэтхэг, Польш, Унгарын сансрын нисгэгчид ОУСС-д очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Энэтхэг, Польш, Унгарын сансрын нисгэгчид түүхэндээ анх удаа Олон улсын сансрын станцад /ОУСС/ ажиллахаар иржээ.
Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүхий “Crew Dragon” сансрын хөлөг ОУСС-д пүрэв гарагт амжилттай залгагдсан тухай Америкийн “Axiom Space” компанийн мэдээлсэн байна.
Уг хөлгийг орон нутгийн цагаар мягмар гарагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “SpaceX” компанид зохион бүтээсэн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Хөлгийн багийн дарга Пегги Уитсон станцад ирснийхээ дараа шууд дамжуулсан нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ “Энд ажиллах нь бидний хувьд нэрийн төрийн хэрэг юм. Баярлалаа” гэв.
Сансрын нисгэгчид “Axiom Space” компанийн сансрын аялал жуулчлалын дөрөв дэх хөтөлбөр болох "Ax-4"-ийн хүрээнд ОУСС-д очиж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд өмнө нь сансарт нисэж байсан NASA-гийн туршлагтай нисгэгч Уитсоноос гадна Энэтхэгийн цэргийн нисгэгч Шубханшу Шукла, Унгарын инженер Тибор Капу, Польшийн инженер Славош Узнанский-Вишневский нар багтжээ. Эдгээр гурван улсын төлөөлөл сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа тойрог замд гарч байна. Хамгийн сүүлд эдгээр улсын сансрын нисгэгчид Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн хүрээнд сансарт нисэж байжээ.
Дээрх гурван улс энэхүү сансрын нислэгт оролцох иргэдийнхээ зардлыг өөрсдөө санхүүжүүлжээ. Багийн бүрэлдэхүүн ОУСС-д хоёр долоо хоног орчим байх хугацаандаа жингүйдлийн орчинд нийт 60 орчим шинжлэх ухааны туршилтууд хийнэ.