Нар хиртэлтийг анх удаа хиймлээр үүсгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-06-23 16:53:01

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 23 /unn/. Европын сансар судлалын агентлаг (ESA) Нарыг судлах "Proba-3" хэмээх шинэ хөтөлбөрийн хүрээнд хоёр хиймэл дагуул ашиглан нар хиртэх үзэгдлийг сансарт анх удаа хиймлээр үүсгэсэн тухайгаа мэдээлжээ. 


ESA 150 метрийн зайтай, миллиметрийн нарийвчлалтайгаар байрлуулан Нарны хиртэлт үүсгэх зорилгоор хоёр бичил хиймэл дагуулыг өнгөрсөн оны 12 дугаар сард Энэтхэгээс хөөргөжээ. Эдгээрийн нэг нь болох “Occluder” гэдэг хиймэл дагуул Нарыг халхалсан бол “Coronagraph” гэдэг нэртэй хиймэл дагуул нь ердийн үед харагддаггүй Нарны хийн мандлын хамгийн гадна талын давхаргын зургийг авсан байна. 


“Зурагнууд үнэхээр гайхшруулсан, ялангуяа бид анхны оролдлогоороо тэдгээрийг авч чадсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. Бидний үүсгэсэн "хиймэл хиртэлт" нь байгалийн хиртэлттэй зүйрлэж болохуйц түвшинд хүрсэн. Харин хамгийн гол нь бид үүнийг 19 цаг 36 минут тутамд дахин дахин үүсгэх боломжтой” хэмээн Нарны титэм судлах зориулалттай ASPIICS төхөөрөмжийн тэргүүлэх судлаач, Бельгийн Хааны одон орон судлалын хүрээлэнгийн төлөөлөгч Андрей Жуков ярилаа.


Энэхүү хөтөлбөрийн мэргэжилтнүүд хэдийнээ хэдэн арван "хиртэлтийг" үүсгээд байгаа бөгөөд хамгийн урт хиртэлт нь 5 цаг үргэлжилжээ. Уг хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хугацаанд нийт 200 орчим хиймэл хиртэлт үүсгэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Нарны титмийг 1000 гаруй цагийн турш ажиглах боломжтой бөгөөд энэ нь байгалийн хиртэлтийн үеэр хийдэг ажиглалтын хугацаанаас хавьгүй урт хугацаа юм.


Холбоотой мэдээ