УВС: Зүүнхангай суманд 154 мянга гаруй толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-28 17:08:06

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зүүнхангай суманд энэ жил 154 мянга гаруй толгой мал өвөлжих тооцоололтой байна. Одоогоор 27 мянга гаруй малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан борлуулжээ.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын аюулгүй нөөцөд 45 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэсэн бол малчид өөрсдөө 2000 тн өвс, 260 тн тэжээл бэлтгээд байна.

 

“Зүүнхангай сумын ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байна. Энэ жил манай суманд бэлчээр муу, ган гачигтай, зуншлага тааруу байсан. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 гаруй хувьтай хангаад байна. Мөн сумын төвийн албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангаж байгаа. Уурын зуух хэвийн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 200 гаруй тн нүүрс татан авч нөөцөлсөн” хэмээн тус сумын Засаг дарга Д.Наранбат ярилаа.   

 

Холбоотой мэдээ