А.Долгор, Б.Далай нар Хөдөлмөрийн баатар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-07 14:28:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.


Өнөөдөр үдээс өмнө болон хойно тус бүр хоёр Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн. Ингэснээр Хөдөлмөрийн баатар дөрвөөр нэмэгдэв. Үдээс өмнө П.Бадарч, Ц.Бааст нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, энгэрт нь Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон зүүсэн. Тэгвэл үдээс хойш “Монголчехметалл” компанийн захирал Б.Далай, Ардын жүжигчин А.Долгор нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.


Тодруулбал, Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг ахиулан хаягдлыг багасгаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Монголчехметалл” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Далай,

Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулахын сацуу дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин А.Долгор нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.


Ардын багш цолоор:

Математикийн сургалтын чанар, заах арга зүй, технологийг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, математикийн сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, шавь нарыг бэлтгэн сургаж, тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэрийг нь үнэлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш, профессор, Монгол Улсын Гавьяат багш Ц.Дашдорж,

Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв,     

Ардын жүжигчин цолоор:

Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,


Гавьяат багш цолоор:

Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Э.Гүргэмжав,

Монголын хүүхдийн ордны уран зургийн дугуйлангийн багш, уран бичээч, судлаач Д.Батбаяр,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын химийн тэнхимийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор С.Даваасүрэн,

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

“Монгол Глобал” компанийн захирал Б.Ганбаяр,

“Хас гоёл” компанийн захирал, уран дархан С.Батзоригт,

Гавьяат хуульч цолоор:

Улсын Ерөнхий прокурорын газрын ахмад прокурор, өмгөөлөгч Р.Мөнхтариа,

Гавьяат эдийн засагч цолоор:

“Очирдагинас” компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Долгорсүрэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

Увс аймгийн Авто тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч З.Амэнгэлд,

Гавьяат агрономич цолоор:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын тариаланч, агрономич Д.Батгэрэл,

Хүний гавьяат эмч цолоор:

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Төрийн шагналт Г.Аянга,

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Л.Аваажигмэд,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

“Грийн дистрибьюшн” компанийн үүсгэн байгуулагч Магсарын Сүхбаатар,

Гавьяат жүжигчин цолоор:

Нарны циркийн жүжигчин Э.Лхагва-Очир,

Гавьяат тамирчин цолоор:

“Сторм мото” клубын үүсгэн байгуулагч А.Пүрэвдорж,

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир,

Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул,


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

“Эй Эйч Си сервис” компанийн агаарын хөлгийн техникч С.Пүрэвхүү,

“Мөнхийн Дөлгөөн Мөрөн” компанийн захирал Н.Лхамсүрэн,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн,


Алтан гадас одонгоор:

Гэрлэх ёслолын ордны ерөөлч Б.Болор-Эрдэнэ,

“Чоно” хамтлагийн гоцлол дуучин Д.Батбаяр,

“Шихихутуг” их сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Л.Нарангэрэл,


Хөдөлмөрийн хүндэт медалиар:

“Ньюгрийн Форест” компанийн ерөнхий инженер Б.Сэр-Од,

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн,

“Мөнгөн чавхдас” хөгжмийн сургуулийн сургалтын төвийн морин хуурын багш Б.Чойжилжав нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.















Холбоотой мэдээ