Куба Улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-14 08:54:14

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.  ​Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 13-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг цаашид өргөжүүлэхийг чухалчилж байгаагаа онцлов. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь мөн баяр хүргэж, түүнийг албан үүргээ гүйцэтгэхэд Гадаад харилцааны яамнаас бүх талаар дэмжлэг үзүүлэхээ тэрбээр илэрхийлэв.


Элчин сайд Эмилио Певида Пупо Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, энэ хүрээнд эрүүл мэнд, биотехнологи, боловсролын салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган идэвхтэй ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ