ХӨВСГӨЛ: “Цаатан фестиваль-2025” өв соёлын наадмыг 100 гаруй гадаадын жуулчин зорин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-07 16:29:11

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 7 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" өв соёлын наадам 7 дугаар сарын 6,7-нд "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад боллоо.



Тус наадмыг Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 21 дэх жилдээ зохион байгууллаа.


Энэ жилийн наадмыг 100 орчим гадаадын жуулчин зорин ирж сонирхлоо. Мөн Хонконгийн "Viu" телевизийн уран бүтээлчид цаатны өв соёлын тухай баримтат нэвтрүүлэг бэлтгэсэн нь онцлог боллоо.







Энэ  үеэр бөхийн барилдаан, цааны буухиа уралдаан, эмэгтэйчүүдийн дунд сүмо бөх, олс таталт зэрэг тэмцээн наадам болж аялагч иргэд  цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, зургаа авхуулж, мартагдашгүй дурсамжийг бүтээж байлаа.


Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрч байна.


Тодруулбал, 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэн цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.

 


 

Холбоотой мэдээ