Япон Улсын туршлагаас суралцсанаар гамшгаас хамгаалах чадавх нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-07 16:43:02

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын “Сабо Фронтиэр Сан”-ийн удирдлагууд болон Цукүбагийн их сургуулийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.


Уулзалтын зорилго нь тус байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашид гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.


Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллага Япон Улсын холбогдох байгууллагуудтай олон жилийн турш нягт, үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод, байгалийн гамшиг, ослын давтамж өндөртэй Япон Улсын туршлагаас суралцах нь манай орны гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн тус байгууллагын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж, алба хаагчдыг өргөн хүрээнд хамруулах, тухайн орны гамшгийг даван туулах мэдлэг, арга туршлагад суралцуулах хэрэгцээ шаардлага их байгааг онцлов.


Япон Улсын “Сабо Фронтиэр Сан”-ийн Судалгааны газрын Нэгдүгээр газрын дэд дарга хатагтай Мики Чиба, Цукүбагийн их сургуулийн Хүрээлэн буй орчны докторын хөтөлбөрийн дарга, доктор профессор Таро Учида тэргүүтэй сургагч багш нар Онцгой байдлын байгууллагын гамшгийн төлөвлөлт, урьдчилан сэргийлэлт хариуцсан алба хаагчдад Япон улсын гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах аж.


Тус сургалт нь Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэх, сэргээн босгох төлөвлөлт, байгууллага хоорондын харилцан ажиллагааны талаар онол практикийн мэдлэг олгох юм. Сургалтын үр дүнд алба хаагчид цагийн байдлын зураглал боловсруулах, команд штабын дадлага сургуулийн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.


Холбоотой мэдээ