Агаарын тээврийг хялбаршуулснаар хуурамч паспорт үйлдвэрлэх, хууль бусаар ашиглахаас сэргийлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-07 14:41:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-тай хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах” чуулганыг анх удаа зохион байгуулав.

 

Энэхүү чуулган Чикагогийн конвенцын ес дүгээр хавсралт батлагдсаны 75 жилийн ой болон Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Уулзалтад 39 орны 120 гаруй төлөөлөл оролцож буй бөгөөд агаарын тээврийн хялбаршуулалтын үндэсний хөтөлбөр, хороодыг бэхжүүлэх, хил, гаалийн хяналт болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Нийтийн түлхүүрийн сан (PKD)-ийн хэрэгжилт, зорчигчийн мэдээллийн систем (API, PNR), НҮБ-ын CT TRAVEL хөтөлбөр, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, хил нэвтрэх шинэ технологийг нэвтрүүлэх аюулгүй, үр ашигтай, уялдаа холбоотой агаарын тээврийн тогтолцоог дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн мэдээлэл, туршлага солилцох, тулгамдаж буй сорилт, шийдлийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх аж.

 

ИНЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан ярихдаа,Манай улс 2021 оноос олон улсын шинэ нисэх буудлыг ашиглаж эхэлсэн. Энэ нисэх буудал жилдээ гурван сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Бид 2024 онд нийт 2.2 сая зорчигч хүлээн авсан бол 2025 оны эхний зургаан сарын байдлаар энэ үзүүлэлт 13 хувийн өсөлттэй явж байна. Олон улсын байгууллагуудын судалгаагаар 2040 он гэхэд дэлхий нийтээрээ агаарын зорчигч урсгал 86 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ өсөлтийг яаж, хэрхэн  хангах вэ гэдэгт төвлөрч, энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Олон улсын нисэх буудлуудад өөр өөрийгөө бүртгэх үйл ажиллагаа явуулахаас гадна нарийн технологийн аппарат нэвтрүүлж, зорчигчдын эрүүл мэндийн үзлэгийг алсын зайнаас хийх технологийг сүүлийн жилүүдэд нэвтрүүлж байна. Үүний цаана агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа давхар бий.  Манай улсын хувьд ч агаарын тээвэр тэр дундаа хил гаалийн үйлчилгээг хялбаршуулахаар ажиллаж байна” гэв.


Энэхүү чуулганаар улс орнууд холбогдох байгууллага хоорондын мэдээллийг  илүү хялбар, хурдан шуурхай солилцох зорилгоор туршлага хуваалцан хамтран ажиллах тухай хэлэлцэж байна. Агаарын тээврийг хялбаршуулснаар хуурамч паспорт үйлдвэрлэх, хууль бусаар ашиглах, хүний наймаанаас урьдчилан сэргийлж, цагаачлалын асуудлыг ч шийдэх боломжтой гэдгийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Ма Тао тодотгов.


“Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах” форум энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ. 








Холбоотой мэдээ