“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнд 130 гаруй үзмэрийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музей хамтран “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан нээж буй тус үзэсгэлэн Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үйлс бүтээл, соёлын өвийг олон нийтэд таниулах, түүний дэг сургуулийн уламжлалыг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчид онцоллоо.
Энэ тухай Г.Занабазарын
музейн нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, Урлаг судлалын ухааны доктор
П.Байгаль хэлэхдээ, “Өндөр гэгээн бол Монголын дүрслэх урлагийг дэлхийн түвшинд
хүргэсэн, буддын гүн ухаан, монгол уламжлал, гоо сайхны нэгдлийг бий болгосон
сод уран бүтээлч байсан. Түүний бүтээлүүд зүгээр нэг шашны дүрслэл бус, харин
гоо зүйн гүн ухаан, хэлбэр дүрсийн төгс зохицол, бэлгэдлийн өргөн цар хүрээг
харуулсан судалгааны үнэт эх сурвалж, Монголын соёлын үнэт нууцлаг архив юм.
Хувилгаан урлаачийн ухааны ур, нүдний ур, гарын ур шингэсэн бүтээлүүд болох
“Цагаан дара эх”, “Ногоон дарь эх”, “Очирдара”, “Язгуурын таван шүтээн”,
“Майдар”, “21 дара эх” зэрэг урлагийн нандин сор бүтээл нь Монголын соёл,
гоо зүйн үнэт өв болон бидний үед дамжин ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэн түүний
уран бүтээл, өвийг дэлгэн үзүүлэхээс гадна биднийг зөвхөн өнгөрсөнд бус,
ирээдүйн урлаг судлалын чиг хандлага руу ч хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг тодотгов.
Энэхүү үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэ зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130 гаруй үзмэрийг дэлгэжээ.
Эдгээрээс онцлог үзмэр нь XVIII зууны үеийн “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал, Монгол улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”, “Хатан эх Ханджамцын хөрөг” зэрэг бүтээлийг уг үзэсгэлэнгээс үзэх боломжтой.
Соёлын яамны
Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн
хэлэхдээ, “Өндөр гэгээн Занабазарын хойч үедээ үлдээсэн бүтээлүүд, үнэт
зүйлс хийд, номын сан, архивт маш олон байдаг. Эдгээрээс монголчуудын уламжлалт
мэдлэг, арга ухаан, технологи, амьдрал, зан заншлын талаарх цогц ойлголтыг авах учиртай.
Мөн Өндөр гэгээнийг таньж мэдэх, ойлгох, түүний бүтээсэн бүтээлүүдийг судалж,
мэдэх нь чухал. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг
таниж мэдэхээс гадна түүний урлагийн онцлог шинж, чанарыг мэдэх боломжтой” гэв.
Эрдэнэ зуу
музейн захирал Н.Төмөрбаатар хэлэхдээ, “Эрдэнэ зуу музейн сан хөмрөгт Өндөр гэгээний
сургууль дэг, хийц өөрийнх нь дүр шингэсэн уран бүтээлүүд олон бий. Энэ удаагийн
үзэсгэлэнд Өндөр гэгээний өөрийнх нь болон Богдын дүр төрх шингэсэн үзмэрийг сонгож авчирсан. Өндөр
гэгээний дүртэй том хэмжээтэй хөөмөл бурхныг онцлох үзмэрийн нэг болгон дэлгэж байна. Манай хийдэд
хадгалагдаж байдаг Өндөр гэгээний энгэр дээрээ соёмботой бүтээл, том хэмжээний зээгт наамал зэрэг 17
бүтээлийг сонгож авчирсан” гэв.
Уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.