Хуушуурын зөвшөөрөлтэй холбоотой зөрчил гарвал АТГ-т шалгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-07 11:57:06

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.


Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл, Баруун эх үүсвэр болон Туул-1 коллекторын ажлын явц, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх зэрэг сэдвээр хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 750 төсөл хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа” хэмээн ярилаа.


Үргэлжлүүлэн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах,

-Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчил,

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчлалт дүүргүүд рүү шилжээд удаж байна. Жишээлбэл, дүүргүүд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй асуудал үүсгэсэн байвал АТГ-т шалгуулна.

-Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчил,

-Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй,

-Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхэл,

-Явган замын ажлуудаа эрчимжүүлэх,

-Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүлэх,

-Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болголоо.


Өнгөрсөн долоо хоногт хуушуурын зөвшөөрөл олгохтой холбогдуулан үүнийг наймаалах асуудал гарч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл хотын дарга “Хуушуурын зөвшөөрөл зарна” гэсэн бүх зарыг шалгуулж, зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ