Я.Синнер АНУ-ын нээлттэй тэмцээний шөвгийн 16-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-31 12:38:29

НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 31 /AFP/. АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өнгөрсөн жилийн аварга Янник Синнер бямба гарагт Канадын теннисчин, дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй Денис Шаповаловыг хожсоноор энэ удаагийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. 


Дэлхийн чансааг тэргүүлж буй Я.Синнер Д.Шаповаловыг 5:7, 6:4, 6:3, 6:3 харьцаагаар буулган авснаар 2008 онд Рожер Федерерийн тогтоосон амжилтаас хойш Нью-Йоркт аваргын цомыг жил дараалан хүртсэн анхны теннисчин болох зорилгодоо дахин нэг алхам ойртжээ.


“Өнөөдрийн тоглолт маш хэцүү байлаа. Би Денисийг нэлээд эртнээс мэднэ. Би түүнтэй маш өндөр түвшинд тоглох ёстой гэдгээ мэдэж байсан” гэж Я.Синнер тоглолтын дараа ярьсан байна. Тэрбээр өмнө нь 2021 оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр Д.Шаповаловтой тоглох үеэрээ хожигдож байсан юм. 


Одоо дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй америк теннисчин Томми Пол, 23-т эрэмбэлэгдэж буй казахстан тамирчин Александр Бублик нарын хожсон нь дараагийн шатанд Италийн теннисчин Я.Синнертэй тоглоно.


Я.Синнер энэ улирлын бүх гурван “Их дуулга”-ын тэмцээний финалд шалгарч, Австралийн нээлттэй тэмцээн, Уимблдоны тэмцээнд түрүүлсэн бол Францын нээлттэй тэмцээнд Карлос Алькаразад хожигдсоноор дэд байрт шалгарсан юм.


Швейцарын алдарт теннисчин Р.Федерер АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын цомыг 2004-2008 онуудад өргөснөөр тус тэмцээний түүхэнд аваргын цолоо хамгийн удаан хамгаалсан тамирчин болсон билээ.  

Холбоотой мэдээ