БАЯНХОНГОР: Хашаандаа мод тарихдаа амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой мод сонгохыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Мод, сөөгийн үзэсгэлэн худалдааг Сум дундын ойн анги, “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэлгэрэх нөхөрлөл” ТББ зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаагаар 10 гаруй төрлийн суулгацыг 4000-80.000 төгрөгийн үнээр худалдсан байна.
Аймгийн төвийн нийт хүн амын 70 шахам хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд өрх бүр хашаандаа мод тарихад агаар тэр хэрээр цэвэрших юм. Баянхонгор аймгийн 10 багийн гэр хороололд амьдарч байгаа 10 мянга гаруй өрх бүр хашаандаа мод таривал агаарын бохирдол 50 хувиар буурахыг Сум дундын ойн ангиас мэдээлэв.
Тус үйл ажиллагааг намрын мод тарих өдрүүдийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд аймаг, сумын иргэдэд төрөл бүрийн мод, сөөгийн суулгац худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. Иргэд тарьц суулгац, мод тарихтай холбоотой илүү мэдээллийг Сум дундын ойн ангиас авах боломжтой.
Хашаандаа мод тарихдаа амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой төдийгүй гэр, байшингийнхаа аль хэсэгт ямар мод тарих нь илүү тохиромжтой зэргийг сайтар судлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн 11 дүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг байна.
Харин намрын усалгааг 10 дугаар сарын дунд үеэс 15 хоногт нэг удаа хийгээд, 11 дүгээр сард цэнэг усалгааг сайтар хийх хэрэгтэй бөгөөд намар тарьсан мод тайван өвөлжиж, хөрсөндөө хурдан дасан зохицдог онцлогтой. Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ.
Чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний модыг салхигүй хэсэгт 3 метр зайтай тарина. Харин хайлаас, улиас, бургасыг салхинаас хамгаалж баруун хойд зүгт таривал зохимжтой. Хэлбэржүүлэлт хийх боломжтой гоёлын мод болох гүйлс, буйлс, голт борыг явган хүний зам дагуу тарих нь илүү тохиромжтой. Мөн шар хуайсыг хашлага хамгаалалтын зорилгоор тарьдаг бол моносыг бие засах газар, муу усны нүхний ойролцоо таривал эвгүй үнэр дардаг байна.
Ташрамд, Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм. Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна.
Аймгийн хэмжээнд Сум дундын ойн анги нэг ажиллаж байгаа бол ойн 12 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна.
