Дэлхийд хамгийн хурдан галт тэргийг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-10-22 11:13:44

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадад шинэ үеийн CR450 хэмээх хэт хурдан галт тэрэгний урьдчилсан туршилт эхэлжээ. Туршилтын үеэр галт тэрэг цагт 453 км хурдалж, шинэ дээд амжилт тогтоосон байна.


Энэхүү галт тэргийг цагт 400 км-ийн хурдтайгаар арилжааны зориулалтаар бүтээж байгаа ажээ. Зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэхийн өмнө нийт 600 мянган км-ийн туршилт хийх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. 


CR450 бол өмнөх CR400 Fuxing галт тэрэгний шинэчлэн сайжруулсан хувилбар юм. Уг галт тэрэг нь агаарын урсгалд зохицсон хэлбэртэй 15 м урт хамартай тул агаарын эсэргүүцлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн 50 тонноор хөнгөн болсноос гадна өндрийг нь 20 см-ээр намсгаснаар аэродинамикийн үзүүлэлт нь илт сайжирсан байна. 


CR450 галт тэрэгний бас нэгэн гайхалтай үзүүлэлт бол ердөө 4 минут 40 секундийн дотор 0 км/ц-аас 350 км/ц хүртэл хурдаа авдаг бөгөөд энэ нь “CR400 Fuxing”-ээс 100 секундээр хурдан байна. 


Одоогийн байдлаар CR450 дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэж тооцогдож байна. Япон, Францын хэт хурдан галт тэрэгний дээд хурд нь цагт 320 км бөгөөд энэ нь Хятадын шинэ галт тэрэгнийхээс хамаагүй бага юм. Хятадын CR400 Fuxing галт тэрэг цагт 350 км хурдалдаг хэдий ч CR450-тай харьцуулахад мөн л удаан байгаа юм.


CR450 галт тэргийг 2027 онд Шанхай, Чэндү хотуудыг холбосон шинэ өндөр хурдны замаар явуулж эхлэх төлөвтэй байна. 
Холбоотой мэдээ