Ү.Ананда: “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” нь амьтнаас гадна хүний эрхийг хамгаалдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэрийн тэжээвэр амьтны эрх ашгийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг аливаа эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, амьтан болоод хүний эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэгжүүлж буй энэхүү хууль нийтийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалж буй талаар “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ын сайн дурын ажилтан Ү.Анандатай ярилцлаа.
-Монголчуудын хувьд харьцангуй шинэ хэмээн тодотгож болох “Гэрийн тэжээвэр
амьтны тухай хууль” хэрхэн хэрэгжиж байна гэж та үзэж байна вэ. Энэхүү хуулийн
ач холбогдлыг хамгийн товчоор тодорхойлбол?
-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Их хүлээлттэй байсан боловч төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлэх тал дээр ажиллахгүй байгаад урам хугарч байна. Энэ хуулийн долоодугаар бүлэгт төрийн байгууллагын оролцоо, чиг үүргийг тодорхой заасан. Гэвч иргэд хуулийн дагуу шаардлага тавих, эрхээ хамгаалах, хууль зөрчсөн хүмүүсийн эсрэг цагдаагийн газарт мэдэгдэхээр тухайн асуудлыг үл ойшоодог. Энэхүү хууль зөвхөн амьтны эрхийг хамгаалаад зогсохгүй хүний эрүүл мэндийг ч хамгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн, амьтан бүгдэд ээлтэй нийгмийг бүтээхэд бидний оруулах эхний алхам бол “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” юм.
-Ер нь энэ хууль бусад орны хуулиас ямар онцлогтой вэ?
-Манай улсын хувьд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” батлуулсан нь бусад оронтой харьцуулбал том амжилт юм. Тухайн хуульд монгол банхар болон тайга гэсэн уугуул үүлдрийг тусгайлан оруулснаараа онцлогтой.
-“Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” нь олон нийтийг ямар эрсдэлээс хамгаалахад хувь нэмрээ оруулах вэ?
-Нохой, муур устгал, хариуцлагагүй үржүүлэг, эзэнгүй амьтад нэмэгдэх тусам шууд болон шууд бус эрсдэл үүсдэг. Шууд эрсдэлд хазуулах, амьтдын дунд халдварт өвчин тархах, хүний нүдэнд ил байдлаар буудаж устгах зэрэг багтана. Шууд бус нь хөрсний бохирдол, тэр тусмаа устгалын үр дүнд бохирдсон хөрс нь эргээд бидний эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Үржил хаах замаар эзэнгүй амьтдын тоо толгойг багасгаж, иргэдэд мэдээлэл түгээж, гэрийн тэжээвэр амьтан тэжээх хариуцлагын тухай ойлгуулснаар олон эрсдэлээс хамгаалах боломжтой.
-Хуулийг зөвхөн амьтны эрх ашгийг хамгаалсан хууль гэж ойлговол өрөөсгөл болох байх. Тэгэхээр хуулийг цааш үр дүнтэй хэрэгжүүлэхэд юуг анхаарах
шаардлагатай вэ?
-Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрхээ мэддэг, шаардлага тавьдаг иргэдийн оролцоо чухал. Хуулиа уншиж, бусдадаа мэдээлэл түгээж, төрийн байгууллагад шаардлага тавьж эхэлсэн цагт бүрэн хэрэгжиж эхэлнэ. Бид ямар нэгэн хууль бус үйлдэл харах үедээ “Би юу хийж чадах вэ дээ” гээд орхиж болохгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс хүмүүс бидний бага гэлтгүй хичээл зүтгэл энэ нийгэмд болон тус хуулийн хэрэгжилтэд их хувь нэмэр оруулна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Сүүлийн үед эзэнгүй амьтад олширсон нь анзаарагддаг. Үүнд нийгмийн болон хуулийн талаас ямар ажил явуулах нь зохилтой вэ?
-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 9.2.3-т зааснаар асран хамгаалагч нь нохой, мууртаа үржил хаах мэс ажилбар хийлгэх үүрэгтэй. Намайг бага байхад эзэнгүй амьтдыг буудаж л байсан, одоо ч буудсаар. Нохой, муур устгах нь “үржил, буудлага, үржил” гэсэн хязгааргүйн тойрог юм. Манай байгууллага эзэнгүй амьтдыг аварч, тэдгээрийг үрчилж буй иргэдэд мэдээлэл түгээдэг төрийн байгууллагаас үржил зогсоох төсөл хэрэгжүүлэхгүй бол энэ тойрог хэзээ ч дуусахгүй. Гэхдээ эзэнгүй амьтад өөрсдөө үржихээс илүүтэй зарим эзэд ашиг олох зорилгоор үржүүлэн хаяж байгаа нь тэдгээр амьтдын тоо өсөх хамгийн том шалтгаан юм. Тиймээс манай байгууллага аварсан болон гудамжнаас үрчилсэн нохой, муурт зориулан “Спэй, заслага хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Энэ нь иргэд манай байгууллагад хандан өөрийн амьтнаа хөнгөлттэй үнээр спэй, заслагад хамруулах боломжтой гэсэн үг.
-Тэжээвэр амьтнаа алдах тохиолдол нэлээд тохиолддог. Эздийн хариуцлагагүй
байдал болон зохисгүй үржүүлгийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Тэжээвэр амьтнаа алдаж байгаа нь тухайн эзний хариуцлагагүйгээс
шалтгаалдаг. Үржил хаалгаагүй, хөтөлгөөгүй, хашаагаа битүүлээгүй, хараа
хяналтгүй сул тавих зэргээр тэжээвэр амьтнаа алдах нь бий. Тиймээс амьтандаа нэр,
утасны дугаартай хүзүүвч зүүх хэрэгтэй.
Хүмүүсийн дунд "Амьтан ч гэсэн ээж, аав болж, ангир уургаа хөхүүлэх аз жаргалыг мэдрэх ёстой" гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Гэвч амьтад орооныхоо халуунд төрсөн аав, ээж, ихрүүдтэйгээ хүртэл нийлэх тохиолдол бий. Тэгэхээр спей, заслага хийлгэх нь амьтан тэжээж буй хүн бүрийн үүрэг юм. Мөн хашаанд нохой уяж, байшин мануулдгийг ойлгодоггүй. Үнэхээр манах шаардлагатай бол хяналтын камер авч болно шүү дээ. Амьтад ч гэсэн амьтай, зүрх сэтгэл, мэдрэмжтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр бичиг баримт, зөвшөөрөлтэй албан ёсны үржүүлэгч биш л бол энэ нь хууль зөрчиж буй хэрэг юм.
-Гэрийн тэжээвэр амьтны зан чанарт хүн /эзэн нь/ нөлөөлдөг үү эсвэл?
-Багаас нь тэжээсэн эсвэл томорсон хойно нь авсан ч бай эзэн нь тухайн амьтны зан чанарт их, бага хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ. Тэжээвэр амьтантай болсноор цаг барих, хариуцлага нэмэгдэх, тууштай болох зэрэг эерэг хандлага бий болдгийг бүгд мэдэх байх. Миний амьдралд орж ирсэн амьтан бүр сэтгэлд минь мөрөө үлдээсэн. Тиймээс хүмүүсийн ярьдаггүй өнцгөөс хариулъя. Хайртай амьтан нь өнгөрнө гэдэг амьтан тэжээж буй хүний хамгийн том айдас. Би энэ айдсыг гурван удаа мэдэрсэн. Хэчнээн хэцүү байсан ч айдастайгаа нүүр тулж, дахин нэг амьтан аврах боломж гэж бодон одоог хүртэл тасралтгүй аварсаар л байна. Бодит байдал дээр амьтад маань намайг аварсан тохиолдол олон гэж боддог доо.
Ярилцсан Т.Хулан