Сэлэнгэ аймгийн зарим сумдад бэлчээрийн зохицуулалт хийх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-06 13:15:20

2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. 

Энэхүү судалгааг Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд хийжээ. Уг судалгаагаар Сэлэнгэ аймгийн хувьд зуншлагын байдал 2016 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд гандуу  байсан байна. Өөрөөр хэлбэл нутгийн 80 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байгаа аж.

Харин нутгийн 10 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах шаардлагатай байгаа юм байна. Бэлчээрийн даацын мэдээгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Бүргэдэй”, “Суварга”, Шаамар сумын “Охь-хөндий”, “Дулаанхаан” багууд, Орхон сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мөн Сүхбаатар сумын “Боргүвээ” багийн нутгаар бэлчээрийн  даац их хэмжээгээр хэтэрч гарчээ. Үүнээс болж дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа аж. Иймд дээрх сумдад бэлчээрийн зохицуулалт хийх онцгой шаардлагатай байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ