ЗАВХАН: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 137 сая төгрөгийн хоёр төслийг хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-02 19:51:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 797.5 сая төгрөгийн 13 төсөл жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн цахим программд баталгаажжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдаж санхүүжилт авах төслүүдийг шалгаруулаад байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох. Сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг орон даяар нэгэн зэрэг зарласан. Зарын дагуу 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд төслийн саналыг цахимаар хүлээн авсан.

Завхан аймгийн хэмжээнд 797.5 сая төгрөгийн 13 төслийн санал ирж, цахим программд баталгаажсан. Ингээд төслийн иж бүрдэл шалгах шатанд 11 төсөл хасагдаж, урьдчилсан, нарийвчилсан судалгаанд хоёр төсөл шалгаран үлдсэн. Улмаар дэд хорооны шатанд нийт 137 сая төгрөгийн хоёр төсөл шилжсэн байна.

Журмын дагуу төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдаж, шалгарсан хоёр төслийг аж ахуйн нэгжээр нь цахим, танхимаар илтгэлийг хамгаалуулан, үнэлгээ өгч, шалгарсан төслүүдийн жагсаалтыг баталлаа. Урьдчилсан шатны оноо, нарийвчилсан шатны оноо, дэд хорооны гишүүдийн онооны нийлбэрээр төслүүдээ эрэмбэлсэн. Эрэмбэлсэн төслүүдийг аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/515 дугаар захирамж/ албан бичгээр баталгаажуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлээд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Ташрамд шалгараад буй төслүүд нь эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр саналаа ирүүлсэн байна. 

Холбоотой мэдээ