ДОРНОД: Шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-20 09:29:42

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай 6 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Барилгыг "Талын сүлд" ХХК гүйцэтгэжээ. 

Тус цэцэрлэг нь 1932 онд Баянтүмэн суманд аймгийн анхны цэцэрлэг болон байгуулж байсан түүхтэй. 90 жилийн хугацаанд 9400 хүүхдийг сурган хүмүүжүүлж, энэ жил түүхт ойн босгон дээрээ шинэ барилгад ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэв. 

Энэхүү цэцэрлэг нь шинээр төлөвлөгдсөн 1800 айлын орон сууцны хороолол орчимд барьж буй анхны бүтээн байгуулалт болж байгаа юм. Мөн 640 хүүхдийн сургуулийн барилгыг удахгүй ашиглалтад оруулахаар "Шимт газар" ХХК ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, Дорнод аймгийн баруун захад ирээдүйд сүндэрлэх 1800 айлын орон сууцны хорооллын доторх цахилгаан дулааны инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсвийг "Гидро дизайн инноваци" ХХК, хорооллын усан хангамж, ариутгах татуурга, мэдээлэл холбоожуулалт, борооны ус зайлуулах, үерийн далан хамгаалалтын сувгийн ажлын зураг төсвийг "Их мянган инженерчлэл" ХХК гүйцэтгэж байгаа аж.   

Холбоотой мэдээ