Японы парламентын дээд танхимын сонгуулийн сурталчилгаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-03 10:23:12

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 3  /TASS/. Японы эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) тэргүүлсэн эвслийн ирээдүйн хувь заяаг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх парламентын дээд танхимын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. 


Сонгууль долоодугаар сарын 20-нд болно. Парламентын дээд танхимын гишүүдийг зургаан жилийн хугацаатай сонгогдог бөгөөд сонгуулийг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Ингэхдээ 248 суудалтай дээд танхимын бүрэлдэхүүний талыг нь дахин сонгодог. 


Японы Ерөнхий сайд Шигэрү Ишабагийн тэргүүлж буй ЛАН болон “Комэйто” намаас бүрдсэн эрх баригч эвсэл парламентын дээд танхимд одоогоор олонхын суудлыг (140) эзэлж байна. Гэвч түүний нам өнгөрсөн оны намар болсон парламентын доод танхимын сонгуульд тааруухан оролцож, Засгийн газар болон эрх баригч намын нэр хүнд эрс унаад байгаа энэ үед олон шинжээч "Ерөнхий сайд Ишибаг дахин нэг ялагдал хүлээж байна" гэж дүгнэж байна. 2024 онд ЛАН түүний удирдлага дор парламентын доод танхимд олонхын суудлаа алдсан тул засгийн газраа дангаараа бүрдүүлж чадаагүй бөгөөд цөөнхийн засгийн газар байгуулахаас өөр аргагүй болсон юм.


ЛАН-ын даргаар өнгөрсөн намар сонгогдсон Ерөнхий сайд Шигэрү Ишиба тэргүүтэй Японы Засгийн газар 35 орчим хувийн дэмжлэг хүлээж байгаа бол эсэргүүцэгчдийн тоо 50 орчим хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд эрх баригч ЛАН-ыг тойрсон санхүүгийн олон дуулиан шуугиантай холбоотойгоор дэмжлэг ерөнхийдөө буурсантай холбоотой юм.


Удахгүй болох сонгуульд эрх баригч эвслийн гол өрсөлдөгч нь Ерөнхий сайд асан Ёшихико Нодагийн Үндсэн хуульт Ардчилсан нам (ҮХАН) байх болно. Өнгөрсөн намар болсон парламентын доод танхимын сонгуулиар энэ нам суудлынхаа тоог 50-иар ахиулснаар парламентын гол танхимын нийт 465 суудлын 148-ыг нь эзэлжээ. Тус нам энэ сонгуулиар мөн байр сууриа мэдэгдэхүйц бэхжүүлнэ гэдэг дээр ажиглагчид санал нэгдэж байна. Нода өөрөө сөрөг хүчний намын даргын хувьд улс төрийн эрх мэдлийг АН-аас авах нь түүний гол зорилго гэж нэг бус удаа мэдэгдсэн юм.




Холбоотой мэдээ