ДОРНОД: Ялалт хөшөөг 110 тн зэсээр бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-06-24 15:52:09

Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Халхын голын дайны дурсгалыг мөнхжүүлсэн хөшөө дурсгал олон байдгаас хамгийн том нь Ялалт хөшөө юм.


Энэхүү хөшөөг 110 тн зэс, 55 метр өндөртэйгээр бүтээсэн бөгөөд Ази тивд зэсээр бүтээсэн хамгийн өндөр хөшөө гэгддэг. Ялалт хөшөөг Дорнод аймгийн Халх гол сумын баруун талд далайн түвшнээс дээш 800 м өндөрт өргөгдсөн Хамар даваан дээр босгосон нь алсаас сүрлэг бахдам харагддаг.


Уг хөшөөг 1939 оны Халхын голын тулалдаанд японы түрэмгийлэгчдийг бут цохисон Зөвлөлт-Монголын цэргийн ялалтад зориулан 1984 онд Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойгоор бүтээжээ. Хөшөөний ерөнхий загвар нь ган болд илд бөгөөд Халх гол руу харсан хэсэгт Зөвлөлт-Монголын дайчин армийн нисэх хүчин, танк, их бууны, морин цэргийн бүх анги нэгтгэлүүдийн давшиж буй байдлыг харуулсан бол эсрэг талд нь 6 м орчим өндөр тавцан дээр зогсоо байдалтай алд цэнхэр хадаг, хатан сүйхийн хамт дэлгэн барьсан монгол бүсгүйг дүрсэлсэн байдаг.


Ялалтын хөшөөний төслийг уран барималч Д.Амгалан, А.Н.Бурганов, архитекторч Д.Чойжилжав, Л.В.Мисожников нарын бүрэлдэхүүнтэй хоёр орны хамтарсан уран бүтээлчид зохиосон түүхтэй. 


Холбоотой мэдээ