СҮХБААТАР: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-24 12:03:54

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна.

 

Тухайлбал, 2024 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэгт 46 хүн шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2025 оны эхний зургаан сарын байдлаар тус гэмт хэрэгт 50 хүн шүүхээр ял шийтгүүлээд байна.

 

Өөрөөр хэлбэл, ердөө хагас жилийн байдлаар бүртгэгдсэн дээрх төрлийн гэмт хэрэг зөрчил нь урд оныхоос илүү байгаа юм. Тиймээс урин дулаан цаг ирж, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор жолооч та бүхнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ойр дотны хүмүүсээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж анхааруулахзамын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Сүхбаатар аймгийн Прокурорын газраас уриаллаа.

 

Өнгөрсөн онд бүртгэгдсэн, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргагчдыг нас болон байршлаар нь авч үзвэл, 36-41 насныхан хамгийн ихээр үйлдэж байгаа бол Баруун-Урт, Эрдэнэцагаан, Мөнххаан, Түмэнцогт суманд хамгийн их бүртгэгдсэн байна. Шүүхээс нэг иргэнд зургаан сараар хорих, нэг иргэний зорчих эрхийг 1,2 жилээр хязгаарлах, 24 иргэнд торгох, 20 иргэнд тэнсэн хянах ял оногдуулжээ.  

 

Холбоотой мэдээ