ЗАВХАН: Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-12 19:19:21

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завханы Хөгжимт жүжгийн театр сүүлийн 10 гаруй жилд тайзны томоохон хэмжээний бүтээлүүдийг олны хүртээл болгожээ.


Тус театр 2016-2018 онд “Өндөр гэгээн” анхны дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Орон нутгийн театрынхаа жүжигчид, уран бүтээлчид, хандивлагчдын тусламж дэмжлэгээр үзэгчдийн хүртээл болгожээ.


2019 онд Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу”-г мюзикл хэлбэрт оруулсан тайзны бүтээлийг олны хүртээл болгожээ. 2021-2022 онд Жангар туулийг театрын тайзнаа хүүхдийн жүжиг болгон туурвиж тайзнаа тавьсан. Жангар туулийг ийнхүү хүүхдийн жүжиг болгон туурвисан нь өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болоод биет бус өвийн утга, бэлэгдэл, хэрэглээнд суралцах. Түүнийг өвлөн авч хадгалан хамгаалж тугээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг таниулсан бүтээл болсон юм.


2023 онд Асарын өндөр түүхэн аялгуут жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон.


2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд 2022 онд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдож Ямаан усны дурсгал нь Хүннүгийн үеийн 10 дахь дурсгалт газраар бүртгэгдсэн билээ. Асарын өндөр түүхэн жүжгийг энэхүү дурсгалт газартай холбогдуулан Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан орон нутгийн театрын жүжигчид тайзнаа тавьсан юм.


2025 оны 11-р сард “Мөнхөд гэрэлтэх диваажин” нэртэй бүжгэн жүжгийг мөн л орон нутгийн жүжигчид, үзэгчид, хандивлагчдын дэмжлэгээр олны хүртээл болгоод байна.


Энэ жүжгийг Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулж бүтээжээ. Бүтээлийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Тоб Нобль Тур” ХХК болон “Дилав хутагт сан” хамтран бүтээсэн бөгөөд Завхан аймагт 11-р сард нээлтээ хийж, Улаанбаатар хотод Улсын драмын эрдмийн театрт өнгөрсөн амралтын өдөр толилуулжээ.  “Мөнхөд гэрэлтэх диваажин” нь хүний урьд төрөл, энэ нас, хойч үйлийн холбоо, мөн ухаан, сэтгэлийн эрчим хүч, энэрэл нигүүлсэл, ертөнцийг танин мэдэхийн утга учрыг илэрхийлжээ. Уран бүтээл нь төрөлх нутаг, хувь тавилангийн салшгүй холбоо болон мөнхийн оршихуйг “гэрэлт диваажин”-аар бэлгэдэн өгүүлдэг.

...Эрхээрээ нөмөр хийж

Элбэрэл мааниар нөхөр хийж
Элэг эмтрэм он жилүүдийг туулахдаа
Эх орноо би хором ч мартаагүй… хэмээх, "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгээс эрхэм хүмүүний амьдрал, билиг оюун, зүрх сэтгэлээ Монгол Улсынхаа төлөө зориулсан түүхийг үзэгчид үзсэн байна. 



Холбоотой мэдээ