"Дарханыхан залилуулахгүй" аяны хүрээнд гэмт хэрэг, зөрчил 60 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-12 17:56:53

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 / МОНЦАМЭ/. Нийгэм хөгжихийн хэрээр бидний анхаарал болгоомж тэр хэрээр суларч байна. Тэр тусмаа цахим орчинд.


Урд өмнө нь хэн нэгэнд итгэж мөнгө, эд хөрөнгө, бусад зүйлээ алддаг байсан. Энэ нь итгэлийг олж хууран мэхлэх залилангийн төрлийн хэлбэр байсан. Харин одоо цахим орчинд хэн гэдгийг нь судлаагүй, өөрийн цахим хаягийн нууц үгийг алдах, үнэн юм шиг сэтгэгдэл төрүүлж, итгэлийг нь олох арга техник зохиож залилангийн гэмт хэрэг жил ирэх бүр нэмэгдсээр байна.


Тиймээс цахим залилангаас урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран "Дарханыхан залилуулахгүй" аяныг өрнүүлж байна.




Тодруулбал, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхэд хамтран ажиллаж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, иргэдийг мэдээллээр хангаж, гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.


Уг аяныг энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр эхлүүлсэн бөгөөд он дуустал үргэлжлүүлэх юм. Аян эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд цахим гэмт хэрэг, залилангийн гэмт хэрэг өнгөрсөн оныхтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.




“Дарханыхан залилуулахгүй” аяныг гурван үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж, 3 бүлэг 19 зүйлтэй нэгдсэн төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан албан бичиг хүргүүлжээ.


Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс 100-гаас дээш ажилтан, алба хаагчтай 31 ААНБ-ыг сонгон цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, зонхилон үйлдэгдэж буй арга хэлбэр, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт мэдээлэл хийжээ.




Дээрх мэдээлэлд 3500 орчим ажилтан, алба хаагч, 5000 гаруй оюутан, залуус хамрагдаж залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг танхимын сургалтаар авсан байна.


Анхааруулах төрлийн 14 богино хэмжээний видеог бэлтгэж, хоёр төрлийн сэрэмжлүүлэг хуудсыг 13000 орчмыг хэвлэн, аймгийн иргэд болон Дархан-Уул аймгийг дайран өнгөрч буй жолооч нарт тарааж, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.




Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Дархан сумын 18 багийн засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, ИНХ, хамтарсан багийн гишүүдтэй хамтран 9403 айлд цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргийн мэдээллийг хүргэжээ.



Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нэгдэн цэцэрлэг тарах үеэр эцэг, эх, асран хамгаалагчдад сургалт мэдээлэл хийж, цахим орчинд зонхилон үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг хуудсыг хүүхэд бүрийн тоогоор хэвлүүлэн тараажээ.


Нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн телефоны оператор компаниуд хамтран залилангийн гэмт хэргийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг 160 тэмдэгтэд багтаан орон нутгийн иргэдийн гар утсанд зурвас хэлбэрээр хүргэжээ.


Тус ажлын хүрээнд Юнител компани аймгийн 18-35 насны 11.302 иргэнд Скайтел компани 85.856 иргэнд сэрэмжлүүлэг зурвасыг хүргэсэн байна.

 


Энэхүү нөлөөлөл сурталчилгааны аяныг цэвэр ус үйлдвэрлэдэг "Смам ватэр" ХХК, "Чандмана-Эхлэл" ХХК дэмжиж иргэн, ААНБ-д хүргэдэг цэвэр усны 20 литрийн баллон дээр залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1000 ширхэг зурагт хуудсыг наажээ. Одоогоор 700 ширхэг баллонтой ус түгээлтэд гарсан бөгөөд тогтмол 2-3 жил ашиглах  боломжтой, айлд тойрог байдлаар очиж, мэдээллийг бүх насны иргэдэд тогтмол өгөх боломжийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ