БАЯНХОНГОР: Агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-12 17:15:17

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэ Монгол” ХХК-ийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзаж, гэрээний хэрэгжилтийг хангахад хэрхэн хамтран ажиллах тухайд харилцан санал солилцлоо.


Баянхөндий төслийн үйл ажиллагаа есдүгээр сард албан ёсоор эхэлснээр Баянхонгор аймаг 2025 оны 10 дугаар сарын 24-нд “Эрдэнэ Монгол” ХХК-тай нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулсан юм.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат, “Баянхонгор аймаг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьсон, нийгмийн хариуцлагын хүрээнд танай компанитай хамтран ажиллана” гэдгийг албан ёсоор илэрхийлэв.


Гэрээний хүрээнд 190 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 10 жилийн хугацаанд орон нутагт авч, жил бүр АМНАТ-ын 20 хувьтай дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр болжээ. Мөн Баянхонгор аймгаас Шинэжинст хүртэлх 204 км хатуу хучилттай авто замын Шинэжинст сумаас эхлэх 30 км авто замыг тус компани өөрийн хөрөнгө оруулалтаар тавьж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нэг сая модыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тарих болсон байна.

Холбоотой мэдээ