"Лалын улс"-ын зэвсэгт этгээд Америкийн иргэдийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-14 11:52:01

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 14 /DW/. АНУ-ын гурван иргэн Сирид байхдаа “Лалын улс”  террорист байгууллагын зэвсэгт этгээдийн отолтод орж амиа алдсаны “төлөөсийг төлүүлнэ” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Truth Social олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.


Америкийн удирдагчийн хэлснээр, уг халдлага “Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараагийн удирдлага дахь хүчнийхний бүрэн хяналтад ороогүй байгаа маш аюултай бүс нутагт” болжээ. 


Д.Трамп мэдэгдэхдээ, аш-Шараа болсон явдалд “туйлын ихээр бухимдаж, асар их санаа зовниж байна” гээд “АНУ-ын иргэдийн амь насыг хөнөөсний төлөөсийг төлүүлэхийн тулд хатуу хариу цохилт өгнө” хэмээн нэмж дурдсан байна.


АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас (CENTCOM) Х олон нийтийн сүлжээнд мэдээлснээр, 12 дугаар сарын 13-нд террорист этгээд ганцаараа үйлдсэн отолтын улмаас Америкийн хоёр цэргийн алба хаагч болон нэг энгийн иргэн амиа алдсан байна. Д.Трампын хэлснээр, энгийн иргэн орчуулагчаар ажиллаж байжээ. Харин халдлага үйлдсэн этгээдийг устгасан гэж CENTCOM мэдээлсэн байна.


Мөн амиа алдсан цэргийн алба хаагчдын хувийн мэдээллийг тэдний ойрын төрөл төрөгсдөд нь мэдэгдсэний дараа, 24 цагийн дотор олон нийтэд зарлана гэжээ. Харин шархадсан хүмүүсийн биеийн байдал сайн байгаа гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.


Сири, Ирак дахь “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийг АНУ тэргүүлдэг. Тус бүлэглэл АНУ болон  холбоотнуудад цэргийн хувьд ялагдсан гэж үздэг боловч Ирак, Сирид нуугдан үлдсэн зарим зэвсэгт этгээдүүд одоо ч халдлага үйлдсээр байна.


CENTCOM болон Сирийн Дотоод хэргийн яамны хүчнийхэн 11 дүгээр сарын 24-27-ны хооронд Дамаск мужийн нутаг дэвсгэрт байсан террорист байгууллагын зэвсгийн нууц агуулахууд руу 15 удаа агаар, газраас цохилт өгсөн байна.




Холбоотой мэдээ