Украины асуудлаарх Парисын уулзалт цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-13 13:04:54

ПАРИС, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /RMF/. Украин, Их Британи, Герман, Франц, АНУ-ын төлөөлөгчид оролцохоор төлөвлөсөн уулзалтыг цуцалсан тухай Польшийн RMF FM радио станц  Елисейн ордны эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Уг уулзалт бямба гарагт Парист болох ёстой байв.


Ийм уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байсан талаар Axios цахим хуудсанд өмнө нь мэдээлжээ. Тус хуудсанд бичсэнээр, уулзалтаар Украин дахь мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах асуудал, тэр дундаа нутаг дэвсгэр, Запорожийн АЦС болон бусад маргаантай асуудлыг шийдвэрлэх “шинэ саналууд”-ыг хэлэлцэхээр төлөвлөж байв. Киев эдгээр саналуудыг 12 дугаар сарын 10-нд  АНУ-ын энхийн төлөвлөгөөний хариуг өгөхдөө тусгасан байна.


Энхийн тохиролцоонд хүрэх бодит боломж харагдвал бид уг уулзалтад төлөөлөгчөө илгээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн.


Д.Трамп Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц нартай 12 дугаар сарын 10-нд утсаар ярьжээ. Ф.Мерцийн хэлснээр, тэд газар нутгийн асуудлаар Украины хийх буултыг хэлэлцсэн байна. 


Украины удирдагч Владимир Зеленский, Ф.Мерц нар 12 дугаар сарын 15-нд Берлинд уулзахаар товлосон тухай “Berliner Morgenpost” сонинд эх сурвалжийг эш татан бичжээ. Тус сонинд бичсэнээр, уг уулзалтад мөн Их Британи, Францын төлөөлөгчид оролцох бөгөөд мөн Польш, Италийн төлөөлөгчид нэгдэж магадгүй байна. Хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь дайныг тайван замаар шийдвэрлэх асуудал байх аж.


“The Washington Post” сонинд мэдээлснээр, 20 заалт бүхий АНУ-ын шинэчилсэн энхийн төлөвлөгөөнд фронтын бүх шугамын дагуу цэрэггүй бүс байгуулах, Запорожийн атомын цахилгаан станцын удирдлагыг АНУ-ын хяналтад шилжүүлэх, мөн нутаг дэвсгэр солилцох боломжийг судлах заалтууд багтжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Донбасс нь түүхийн хувьд Оросын нутаг дэвсгэр бөгөөд Донбасс, Новороссиягийн газар нутгууд ямар ч тохиолдолд Оросын бүрэлдэхүүнд орно хэмээн мэдэгдэж байв.

Холбоотой мэдээ