ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 14:49:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилж, УИХ-ын тогтоолыг баталсан. Шинээр томилогдсон гишүүд өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.


Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уншиж танилцуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ үнэмлэхийг гардуулан, үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын төрийн алба бол нэр хүндтэй, шударга, мэргэшсэн байх ёстой. Энэ бол төрийн албанд ажиллаж буй хүн бүрийн үүрэг хариуцлага юм. Төрийн байгууллагууд ард түмэнд чиглэсэн, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагагүй байдлыг арилгахын төлөө ажиллах учиртай. Шинээр томилогдож буй гишүүд өмнө нь төрийн албанд ажилласан, мэргэшсэн, туршлагатай хүмүүс байна. Та бүхнийг төрийн албаны шинэ шатанд өндөр зорилго өвөртөлж ирсэн гэж ойлгож байна. Албан тушаал бол эрх мэдэл бус, хариуцлага юм хэмээгээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны шинэ гишүүддээ амжилт хүслээ.


Төрийн албаны зөвлөлд шинээр томилогдсон гишүүдийн тухайд, Ц.Амартөгс эдийн засагч, төрийн удирдлагын магистр, төрийн албанд 25 жилийн туршлагатай, Б.Төгсцэнгэл эрх зүйч, төрийн албанд 15 жил ажилласан, Л.Золзаяа эрх зүйч, олон улсын худалдааны магистр, төрийн албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ