СЭЛЭНГЭ: Хөдөөгийн ууган эмнэлэг 100 жилийн ойгоо тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 24
/МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны
хөдөөгийн ууган эмнэлэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
сумын эрүүл мэндийн төвийн 100
жил ой өргөн дэлгэр болж байна.
Хөдөөгийн ууган эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, сумын удирдлагуудын хамт өчигдөр гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор К.Оюунбат Ж.Энхцэцэг нарыг шагнасан бол Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Э.Дагиймаа, Н.Дулам, Эрүүл мэндийн сайдын Жуух бичгээр О.Гантөмөр, Э.Нарангэрэл, Г.Октябрьпүрэвсүрэн болон бусад шагналаар салбартаа үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.
Монгол Улсын орчин цагийн анагаахын шинжлэх ухааны үүсэл хөгжил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвтэй салшгүй холбоотой юм.
Одоогоос 100 жилийн тэртээ 1925 онд хязгаар нутгийн ард олны эрүүл мэндийг сахин хамгаалах, эмчлэн эрүүлжүүлэх, мөн монгол эмч нарыг сургаж дадлагажуулахаар Алтанбулагт хөдөөгийн анхны ууган эмнэлгийн суурь тавигдаж байсан түүхтэй.
Ардын
хувьсгалын түүхэн их ялалтын дараа Алтанбулаг
хавиар хүүхэд хөгшидгүй халдварт өвчин эмгэгт нэрвэгдэж байсан хүнд цаг үед
хөрш Зөвлөлт холбоот орос улсаас уригдан ирсэн И.Кузьмин эмчийн удирдлага дор эмч нарыг авчирч, монгол эмч нарыг сургаж
дадлагажуулах, улмаар “Умард
хязгаарын Сайдын яам”-ны шийдвэрээр шинэ цагийн эмнэлгийн анхны суурийг тавьсан нь өнөөгийн Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг сумын “Хүн эмнэлэг”-ийн хөгжлийн эхлэл
болж
байжээ.