М.Мишустинийг Ши Жиньпин хүлээн авч уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
                                                                    БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар Бээжин хотод уулзаж, хоёр талын хөрөнгө оруулалт, хамтарсан төслүүдийн талаар хэлэлцжээ.
“Хоёр талын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг цаашид бүрдүүлж, хамтарсан төслүүдээ дэмжих нь чухал” хэмээн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.
М.Мишустин мөн хоёр улсын сайд нарын танхимуудын хооронд дээд түвшинд гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр уялдаа холбоотой, зохион байгуулалттайгаар ажиллаж буй тухай Хятадын удирдагчид мэдээлжээ.
“Өчигдөр Ханжөү хотод Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын 30 дахь уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ зорилтуудыг тодорхойлсон” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар дурджээ. "Бид соёл, хүмүүнлэгийн салбарын бат бөх харилцаагаа үнэлдэг. Эдгээр нь Орос, Хятадын ард түмний найрамдал, харилцан ойлголцлын сайхан уламжлал дээр суурилдаг" гэж Оросын засгийн газрын тэргүүн онцолсон байна. Мөн хоёр орон соёлын жилүүдийг амжилттай зохион байгуулсан гэдгийг дурдаад, боловсролын салбарт болох ижил төстэй арга хэмжээнүүд баялаг, сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Оросын Ерөнхий сайд мөн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн Ерөнхийлөгч Владимир Путиний мэндчилгээг Ши Жиньпинд уламжилсан байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин хариуд нь мэдэгдэхдээ, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй М.Мишустиний хувь нэмрийг өндрөөр үнэлжээ. “Та бол Хятадын ард түмний сайн анд нөхөр, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын олон талын хамтын ажиллагааг ахиулахын тулд шаргуу ажилласан. Таны оруулсан хувь нэмрийг би өндрөөр үнэлж байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Ши Жиньпиний хэлснээр, он гарснаас хойш нөхцөл байдал тогтворгүй байсан хэдий ч Хятад, Оросын харилцаа тогтвортой хөгжиж байна.
“Бид Ерөнхийлөгч Путинтэй Москва, Бээжинд хоёр удаа уулзаж, Хятад-Оросын харилцааны стратегийн болон олон талт асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, шинэ төлөвлөгөө, шинэ чиг шугамыг тодорхойлсон. Төрийн тэргүүн нарын стратегийн өндөр түвшний харилцан итгэлцэл, нягт харилцаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн тогтвортой хөгжлийн гол баталгаа юм” гэж Хятадын удирдагч онцолжээ.
“Та хоёр улс болон ард түмний үндсэн эрх ашигт үндэслэн нягт уялдаатай ажиллаж, Ерөнхийлөгч Путинтэй хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, зөвхөн манай улсууд төдийгүй дэлхийн дахины хөгжилд илүү их хувь нэмэр оруула гэдэгт итгэлтэй байна” гэж Ши Жиньпин хэллээ.
М.Мишустин Хятадад хоёр өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр тэрбээр Ханжөү хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Чянтай уулзжээ. Уулзалтаар талууд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.
        Улаанбаатар