БАЯНХОНГОР: Хөх нуур 43 см зузаан мөстжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-04 15:39:12

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс усны түвшин болоод мөстөлтийн төлөвийг мэдээллээ.


Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөх нуурын усны түвшин 115 см бөгөөд өнөөдрийн байдлаар битүү мөсөн бүрхүүл тогтож, 43 см зузаан мөстжээ. Харин Заг сумын Загийн голын усны түвшин 288 см байдгаас 21 см, Галуут сумын Цагаан туруутын гол  116 см байдгаас 20 см битүү мөсөн бүрхүүл тогтоод байна.


Тэгвэл Баацагаан сумын Бөөнцагаан нуур, Богд сумын Түй, Жаргалант сумын Байдрагийн гол мөсөн захтай байгаа бол Бууцагаан сумын Байдраг-Баянбүрд 8 см мөсөн зах, өтгөн зайр үүсжээ. 


Аравдугаар сарын гуравдугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан бөгөөд ихэнх нутгаар цаг агаар дулаан байсантай уялдаад жижиг голуудад мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч дунд болон томоохон голд мөсний үзэгдэл идэвхижсэн хэвээр байна. Хангай нурууны өврөөс эхтэй голуудын усны түвшин харьцангуй хэлбэлзэл багатай байсан ч 2024 оны мөн үеийнхээс 5-20 см бага байна.

Холбоотой мэдээ