Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-11-04 16:44:27

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд энэ сарын 3-ны орой нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 маягийн агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайн LETBI агаарын хаалгаар орон нутгийн цагаар 18:54 цагт орж иржээ.


Иргэний нисэхийн үндэсний төвийн мэдээлснээр, тус нислэг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс ойролцоогоор 10 минутын өмнө нисэх баг ОХУ-ын Эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.


Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, шуурхай ажиллагаагаар нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ.


Энэ үеэр агаарт түлш юүлэх зааварчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлэн, үүний үр дүнд уг нислэг орон нутгийн цагаар 19:30 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан байна. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагаа, мэргэжлийн ур чадварын чадамжийг дахин нотолсон үйл явдал болжээ.


Эйр Индиа компанийн AIC174 дүгээр нислэгийн 245 зорчигчийг "New Delhi" олон улсын нисэх буудалд хүргэхээр өнөө орой буюу энэ сарын 4-нд нислэг нэмж төлөвлөжээ.

Холбоотой мэдээ