Хятадын тал Японы иргэдийн визгүй зорчих журмыг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-11-04 11:41:34

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kyodo/. Богино хугацаагаар аялах Японы жуулчдад зориулсан визгүй зорчих журмыг 2026 оны оны эцэс хүртэл сунгана гэж Хятадын тал даваа гарагт мэдэгджээ. Хоёр улсын удирдагчид “стратегийн, харилцан ашигтай” харилцааг дэмжих тухай хэлэлцээрийг саяхан байгуулсны дараа ийнхүү шийдвэрлэсэн байна.


Японы иргэдийг Хятадад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжийг олгодог энэхүү хөнгөлөлттэй журам нь анх 2025 оны эцэс хүртэл хүчинтэй хэрэгжих байсан юм. Түүнчлэн Хятадын тал Франц, Герман, Итали, Өмнөд Солонгос, Бразил зэрэг 40 орчим орны иргэдэд зориулсан визгүй зорчих журмуудыг сунгахаар шийдвэрлэснээ зарлажээ.


Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай анх удаа нүүр тулан уулзах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин олон нийтийн санаа сэтгэлийг сайжруулахын тулд ард түмэн хоорондын харилцан солилцоог өргөжүүлэхийг уриалсан юм.


Хятад улс “COVID-19” цар тахлын улмаас 2020 онд богино хугацаагаар аялах Японы жуулчдад зориулсан журмын хэрэгжилтийг түр зогсоосны дараа өнгөрсөн оны 11 дүгээр сараас сэргээсэн билээ.

Холбоотой мэдээ