Умард Солонгосын парламентын дарга асан Ким Ён Нам таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-04 20:21:06

СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Yonhap/. Пёньяны дипломат үйл ажиллагааг хэдэн арван жилийн туш удирдаж байсан, парламентын дарга асан Ким Ён Нам 97 насандаа таалал төгссөн тухай Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсын удирдагч Ким Жөн Ун түүнийг таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 



Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн (KCNA) мэдээлснээр, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Ким Ён Нам хорт хавдрын хордлогоос үүдэлтэй олон эрхтний үйл ажиллагааны дутагдлын улмаас нас барсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мягмар гаргийн шөнийн 1 цагт түүний шарилд "хүндэтгэл үзүүлж, гүн эмгэнэл илэрхийлжээ". Түүнийг нам, засгийн газрын өндөр албан тушаалтнууд дагалдан явсан байна.


Ким Ён Нам 2018 онд Пёнчан хотноо болсон өвлийн Олимпын наадамд оролцохдоо Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүний хувиар Өмнөд Солонгост айлчилж байсан юм. 


Парламентын байнгын хороо болон Засгийн газар Ким Ён Намтай салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын үйл ажиллагааг мягмар гарагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Төрийн оршуулгыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, Ерөнхий сайд Пак Тэ Сон, парламентын байнгын хорооны дарга Чой Рён Хэ болон бусад албан тушаалтнууд багтсан байна.


Ким Ён Нам БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Сен, талийгаач удирдагч Ким Жөн Ил, одоогийн удирдагч Ким Жөн Уны үед дипломат өндөр албан тушаалыг хашиж байсан юм. 


Ким Жөн Илийн үед парламентын байнгын хорооны дарга асан гадаад хэргээс хол байхыг илүүд үздэг байсан удирдагчийнхаа нэрийн өмнөөс дээд түвшний дипломат хэлэлцээнд оролцдог байсан бөгөөд үндсэндээ Умард Солонгосыг олон улсын тавцанд төлөөлдөг байв.


2018 онд тэрбээр Пёнчаны өвлийн олимпод оролцох Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүний хувиар Өмнөд Солонгост айлчилсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд удирдагчийн нөлөө бүхий дүү Ким Ё Жон багтаж, тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж байв.


Ким Ён Нам төрийн албанд 60 жил ажилласны эцэст 2019 онд 91 насандаа тэтгэвэртээ гарчээ.

“Манай нам, улсын хөгжлийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан ахмад үеийн хувьсгалч, нөхөр Ким Ён Нам 97 насандаа таалал төгслөө” гэж KCNA мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ