ТӨВ: Энэ жил 127.6 мянган тонн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-04 20:30:29

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ онд 158 мянган га-д тариалалт хийж, 450 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн боловч цаг агаарын хүнд нөхцөл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 127.6 мянган тонн ургац хураан авсан байна.

 

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэнгээс тодруулахад, Газар тариалангийн үйлдвэрлэлийн агро технологийг нарийн баримтлан хичээнгүйлэн ажилласны дүнд 127.6 мянган тн ургац хураан аваад байна. Үүнд, үр тариа 32536  га талбайгаас 25216.9 тн, улаанбуудай 29351 га-аас  21993 тонн, төмс 4339.8 га-аас 45990.3 тн, хүнсний ногоо 1872.9 га-аас 28991.9 тн, таримал тэжээл 11375 га-аас 25499.5 тн, тосны ургамал 3800 га-аас 1892.7 тн тус тус хураан авсан.

 

"Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд, аймгийн газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжин орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 880 сая төгрөгийн хадлан, тэжээл бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийг худалдан авч Архуст, Сэргэлэн суманд нийлүүлсэн.

 

Газар тариалангийн үйлдвэрлэлд техник технологийн шинэчлэлийг 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийснээр техник шинэчлэл 83 хувьд хүрч, хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг технологит ажлуудыг цаг хугацаанд нь чанартай хийх боломж бүрдэж үйлдвэрлэлээ шинэ түвшинд  хүргэсэн.

 

Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 450 сая төгрөгийн төмсний үрийн шинэчлэлийг хийв. Мөн тариалангийн талбайн хөрсийг хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд 21250 ширхэг,  550 сая төгрөгийн үнэ бүхий бетонон шонг 12 сумын 21250 ширхэг шонг 66 иргэн, аж ахуй нэгжид олгосон.

 

Хөрсний үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн тариаланч иргэн, хуулийн этгээдийн бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт үзүүлэн ажиллаж  2025 онд 52 иргэн, аж ахуй нэгж 389.3 сая төгрөгийн хөнгөлөлт эдлээд байна.   

Холбоотой мэдээ