ТӨВ: Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор 1925 онд Богд хан уулын аймгийн яамны дэргэд Европ эмнэлгийг байгуулж байсан нь Төв аймгийн анхны улсын төсөвтэй хүн эмнэлэг байсан юм. Тэрхүү анхны эмнэлгээс хойш аймгийн эрүүл мэндийн салбар 100 жилийн түүхээ бичиж өдгөө ойн баяраа тэмдэглэж байна.
Анх бага эмч 1, сувилагч 2, санитар 1 гэсэн орон тоотой байгуулагдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдөр төр, хувийн хэвшлийн 134 байгууллага, 1300 гаруй ажилтантай, 700 гаруй ахмад настантай өнөр олуулаа болжээ.
Ойн баярын хүрээнд салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ц.Должинсүрэн, Ж.Даваасүрэн, Ж.Пүрэвдорж, А.Чулуунцэцэг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бол Алтангадас одонгоор 10 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 хүн энгэрээ мялаав.
Баярын хурлын дээр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: "Төв аймгийн хүн амын дундаж наслалт тэртээ 100 жилийн өмнө 40
хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 72,97 болж өссөн байна. Энэ бол эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэл, ололт амжилтын үр дүн юм" гэв.