“Tour of Mongolia” уралдаанд Б.Марал-Эрдэнэ дөрөв дэх удаагаа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Баруун бүсэд зохион байгуулсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia 2025” Монголын олон өдрийн уралдаанд Б.Марал-Эрдэнэ түрүүллээ.
Ийнхүү “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дөрөв дэх түрүүгээ хүртэж, баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км замыг туулж, энэхүү нэр хүндтэй уралдаанд Монголын дугуйн спортын нэгэн шинэ түүхийг бичлээ.
Ташрамд дурдахад, “Tour of Mongolia” Монголын олон өдрийн уралдаан анх 1965 онд болоход ОУХМ Я.Баатар түрүүлж, түүнээс хойш 25 удаа болоход ОУХМ Ш.Жамбал, Спортын мастер Г.Ганболд, МУГТ Ж.Өлзий-Орших, ОУХМ Б.Марал-Эрдэнэ нар гурван удаа түрүүлж байжээ.